Америк Боловсрол

Боловсролын Мэдээллийн Сан ♦ Америкт Сурах Таны Хөтөч
Америкт Сурч Буй Оюутнуудад: Эрэлт Ихтэй Асуулт, Хариултууд
Нийтэлсэн: suvda Огноо: 2007 оны 07 сарын 05
Америкт сурч буй, сурах гэж буй монгол оюутнууддаа хэрэгтэй зөвлөгөө өгөхийн үүднээс хамгийн их асуугддаг асуулт, хариултуудыг энэ нийтлэлд оруулав. Энэ материалын эх сурвалжийг Мичиганы Техникийн Их Сургуулийн гадаад оюутнуудад зориулсан вебсайт булангаас авав.


ВИЗНИЙ АСУУЛТУУД

1. Миний визний хугацаа дууссан тул би АНУ-г орхин явах ёстой юу?

I-20 юмуу DS-2019 баримт дээрх визний тамга F-1, J-1 визтэй оюутнуудын АНУ-д хэдий хэр хугацаагаар байхыг заадаггүй. Харин АНУ уруу нэвтрэх юмуу дахин нэвтрэх үед визний тамганы хугацаа дуусаагүй байх ёстой. F1, J1 визний тамганы хугацаа дууссан гээд АНУ-ыг орхин явах шаардлагагүй. Харин I-20, DS-2019-ийн хугацаагаа дуусгалгүй сунгаад байх хэрэгтэй.

2. Би гэр уруугаа яваад ирэхээр төлөвлөөд байгаа ба АНУ-д дахин нэвтрэхэд шинэ F-1 виз хэрэгтэй болоод байна. Яах ёстой вэ?

F-1 визийг гадаадаас хэрхэн мэдүүлж болох тухай "Гадаадад Аялах" хэсгээс үзнэ үү. Жагсаалтанд байх бичиг баримтыг бүрдүүлээд сургуулийнхаа гадаад оюутны зөвлөхтэй ярилцах хэрэгтэй.

3. Миний F-1 виз дахиад нэг жил хүчинтэй ба би гадаад уруу аялахаар төлөвлөсөн байгаа. I-20 баримтаа яах ёстой вэ?

Гадаад оюутны зөвлөх (International Students Advisor) таны бичиг баримт, статусыг шалгаад таны I-20 дээр аялалын зөвшөөрөл өгнө. Гадаад оюутны зөвлөхтэй уулзаж, зөвлөгөө авна уу.

4. Миний визний хугацаа дуусчихсан. Би улирлын амралтаар эх орондоо зочлох хүсэлтэй. Би АНУ-д визээ сольж/дахин сэргээж болох уу?

F-1, J-1 визийг АНУ-д шинэчилдэггүй. Визийг бусад оронд байх АНУ-ын консулууд дээр олгож, сольдог. Улирлын амралтаар эх орондоо зочлохоор төлөвлөж байгаа оюутнууд манай сайтын "Гадаадад Аялах" хэсгийг уншаад тухайн улсад хэрхэн визийг шинэчилдэг мэдээлэл, жагсаалттай танилцана уу.

5. OPT (Optional Practical Training) үеэр юмуу OPT-д өргөдөл гаргасны дараа F-1 визний хугацаа дуусчихвал шинэчилж болох уу?

Болохгүй л болов уу. F-1 визийг (зөвхөн сурахад зориулагдсан) ажиллах зорилгоор (OPT байсан ч гэсэн) шинэчлэх нь бараг боломжгүй ба эрсдэлтэй. Ингэхийн тулд та эх орондоо заавал буцаж ирнэ гэдгээ элчинд харуулах хэрэгтэй ба энэ нь АНУ уруу зөвхөн ажиллах зорилгоор явж байгаа бол нэлээд төвөгтэй байх болно.

6. Канад юмуу Мексик уруу F-1 оюутны визтэй аялахад их амархан бөгөөд АНУ уруу буцаж ороход виз нь заавал хүчинтэй байх албагүй гэж сонслоо. Зөв үү?

Хэрвээ F-1 оюутан залгаа нутаг дэвсгэр (Канад болон Мексик) уруу аялаад тэндээ 30-аас ихгүй өдөр байгаад АНУ уруу дахин нэвтрэхэд паспорт дээрээ хүчинтэй F-1 визний тамгатай байх шаардлагагүй. F-1 статус чинь хэвийн, I-20, паспорт болон I-94 хугацаа дуусаагүй хэвийн байхад болно.

7. Би сургуулиа төгсмөгцөө эх орон уруугаа буцаж явмаар байгаа. Төгссөний дараах ямар нэг дадлага, сургалтанд хамрагдах хүсэлгүй бол АНУ-д хэр удаан байх боломжтой вэ?

F-1 оюутнууд сургуулиа төгсөөд 60 хоногийн турш АНУ-д байх боломжтой. Энэ хугацаанд АНУ-аар аялаж болох ба энэ хооронд АНУ-аас гарсан бол дахин F-1 визээр АНУ-д нэвтрэх боломжгүй.

8. АНУ хүмүүст ногоон карт зүгээр олгож байгаа гэж би сонслоо.

Жил бүр явагддаг Ногоон Картны Визний Сугалааг АНУ-ын Конгресс хуульчлан баталсан. Энэ нь жилд нэг удаа явагдаж АНУ-д харьцангуй цөөн тооны цагаач иргэд илгээдэг орнуудын хүмүүст ногоон карт сугалах боломж олгодог юм. Ногоон Картны Сугалааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб сайтаас үзнэ үү: www.uscis.gov

9. Би ногоон картанд өргөдөл гаргасан юм. Тэгсэн ч гэсэн үндсэн оюутан (full-time student) статусаа хэвээр нь хадгалах ёстой юу?

Ногоон картад өргөдөл гаргах нь их удаан, төвөгтэй үйл явц болж мэднэ. Ногоон карт нь ямар нэг шалтгаанаар олгогдохгүй болохоор бол өргөдөл гаргагч одоогийн байгаа статусаа (үндсэн оюутан г.м) хэвээр хадгалах нь хэрэгтэй байх. Ингэснээр сургуулидаа үргэлжлүүлэн сурч АНУ-д хууль ёсоор байх боломжтой болно.


ШИЛЖИХ

10. Намайг бакалаврын дараах шатанд суралцахыг MTU (Michigan Tech) зөвшөөрсөн юм. Энэ нь миний F-1 визийн шилжүүлэг гүйцэд болсон гэсэн үг үү?

ҮГҮЙ. MTU-д F-1, J-1 оюутан гэж тооцогдохын тулд F-1, J-1 статустай бүх оюутнууд Олон Улсын Шилжүүлгийн Журмыг (International Transfer Procedure) баримтлах ёстой. Мэдээллийг дараах хаягаас харна уу: "Graduate Checklist".

11. Би MTU-д F-1 оюутнаар шилжиж ирсэн. Миний виз хүчинтэй боловч өмнөх сургуульд сурахад өгсөн виз юм. Цаашид энд сурахын тулд MTU-д сурж буй гэдгийг заасан визний тамга даруулахаар АНУ-аас гарах хэрэгтэй юу?

ШААРДЛАГАГҮЙ. Гэхдээ F-1, J-1 оюутнууд өөр сургуулиас MTU уруу шилжиж ирсэн гэдгийг заасан I-20 юмуу DS-2019-тэй байх шаардлагатай. Эдгээр нь тухайн оюутныг сүүлд гадаадад аялаад F-1, J-1 визийн хүсэлт гарган дахин АНУ-д нэвтрэхэд хэрэг болно.


БҮРТГҮҮЛЭХ, СТАТУС ХАДГАЛАХ

12. Би нэг хэсэг чөлөө аваад ямар ч хичээлд суухгүй гэж бодож байгаа. Энэ хугацаанд АНУ-д байх боломжтой юу?

Хэрвээ F-1, J-1 оюутан сургуулиасаа чөлөө авбал, тухайн оюутан АНУ-д хууль ёсоор оюутны статусаа хадгалан байх боломжгүй. Харин эмчийн магадлагаатай бол болно. Дараах холбоосоос харна уу: "Reduced Course Load Request"

13. Би статусгүй болсон. Манай тэнхимийн нэг хүн намайг АНУ-д хууль бусаар амьдарч байна гээд намайг АНУ-г орхих хэрэгтэй гэж хэлсэн. Би яах вэ?

Статусгүй болсноор F-1, J-1 оюутнууд АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа гэсэн үг биш бөгөөд АНУ-г орхин явах шаардлагагүй. Гэхдээ оюутан F1, J1 визний статусаа алдсан байна. Энэ тохиолдолд оюутан эрхээ сэргээлгэхийн тулд гадаад оюутны зөвлөхтэй уулзалт товлож "Reinstatement Checklist" дагуу эрх сэргээлгэхэд шаардагдах бичиг баримтыг авчирна. Гадаад оюутны зөвлөх үүнд туслах болно. АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанд (United States Citizenship and Immigration Services (USCIS)) бичиг баримт боловсрогдож байх хугацаанд оюутан АНУ-гаас явах шаардлагагүй.

14. Энэ улиралд суучихмаар гайгүй хичээл байгаагүй болохоор бүтэн цагаар (full-time) сурахгүй байгаа. Энэ зүгээр үү?

Үгүй. F-1, J-1 оюутнууд намар болон хаврын улиралд бүтэн цагаар, бүрэн ачаалалтай суралцах шаардлагатай. Тохирох курсээ олохын тулд хичээлийн зөвлөхтэйгээ ярилцан сонгох ёстой. Тохирох курс олдохгүй байх, санал болгосон хичээлд сонирхолгүй байх нь бүтэн ачаалалтай суралцахаас татгалзах шалтгаан биш юм. F1, J1 визийн статусаа хадгалахын тулд та заавал ингэж суралцах ёстой ба бүтэн цагаар сураагүй тохиолдолд та статусаа алдаж, кампус дотор болон гадуур ажиллах эрхгүй болно гэсэн үг.

15. Хэрвээ зун хичээлд явсан бол намрын улиралд хагас ачаалалтай суралцаж болох уу?

Зун суралцах эсэх нь таны дур. Харин хавар болон намрын улиралд бүтэн цагийн (full-time) ачаалалтай суралцах шаардлагатай. F1, J1 оюутнууд зун сурлаа гээд хавар, намрын улирлын ачааллаас хөнгөлөгдөх боломжгүй юм.

16. Би энэ намар бүх хичээлээ онлайнаар үзмээр байна. Ингэх боломжтой юм?

SEVIS–ын журмаар F-1 оюутан тухайн улиралд зөвхөн 3 кредитийн хичээлийг л 100% онлайн байдлаар үзэж болно. Тиймээс энэ журмыг баримтална уу.

17. Хэрвээ би өвдөх юмуу гэмтэж бэртсэн бол ямар нэг хичээл үзэхгүй байж болно гэж сонслоо. Энэ үнэн үү?

Эмнэлгийн магадлагаагаа гадаад оюутны зөвлөхөд үзүүлснээр тэр таны бүтэн эсвэл хагас цагийн ачаалалтай сурах эсэхийг тодорхойлно. Цаашид өвдсөн хэвээр байвал энэ бичиг хэрэг болно.


АЖИЛ ЭРХЛЭХ

18. Би F1 оюутан ба кампус дээрээ ажиллахыг хүсэж байна. Ингэж болох уу?

Болно. I-20 авсан F-1 оюутан бүрэн ачаалалтай хичээл сонгож, суралцаж эхэлсэн бол кампус дотор ажиллах эрхтэй болно. Кампус дотор хавар болон намрын улиралд долоо хоногт хамгийн ихдээ 20 цаг ажиллахыг зөвшөөрнө. Улирлын амралт болон зуны улиралд 20-оос дээш цаг ажиллах боломжтой. Зуны улиралд хичээл үзэхгүй байж болно.

19. Би F-1 оюутан. Зуны амралттай үедээ кампусаас гадуур ажиллаж болох уу?

Зуны улиралд ч гэсэн кампусаас гадуур ажиллах нь тусгай ажлын зөвшөөрөл шаардана. Энэ зөвшөөрлийг Цагаачлалын Албан (USCIS)-аас үнэхээр хүнд санхүүгийн бэрхшээлтэй гэсний үндсэн дээр олгодог. Дараах холбоосоос энэ талаар уншина уу: "Off-Campus Employment (Economic Hardship)".

20. Би F-1 оюутан ба сурч байгаа чиглэлээрээ кампусаас гадуур ажиллаж, туршлагатай болмоор байна. Яаж ингэх вэ?

Иймэрхүү төрлийн дадлага хийхийн тулд F-1 оюутан сайн сурсан, визний статусаа горимын дагуу хадгалсан байхад болно. Ингэж дадлага хийхийг “Curricular Practical Training” гэх ба дэлгэрэнгүй мэдээллийг "CPT Application"-ээс авна уу.

21. Би F-1 оюутан ба удахгүй төгсөнө. Төгссөнийхөө дараа Америкад үлдэж ажиллах зөвшөөрөл яаж авах вэ?

Төгсөлтийн дараах дадлага ажил хийх хүсэлт гаргахад юу шаардлагатайг "Optional Practical Training" хэсгийн мэдээллээс уншина уу.

22. Кампус доторх ажлын зөвшөөрөл гэдэг нь би АНУ-ын аль ч сургуулийн кампуст ажиллаж болно гэсэн үг үү?

Үгүй. Оюутан зөвхөн орсон сургуулийн кампуст л ажиллах эрхтэй.

23. Зөвлөх багш (advisor) маань намайг намрын улиралд долоо хоногт 25 цаг ажиллахыг хүссэн юм. Ингэснээр би судалгааны төслөө дуусгах юм. Ингэж болох уу?

Болохгүй. F-1, J-1 оюутнууд намар, хаврын улиралд 20 хүртэлх цагаар л ажиллах эрхтэй. 20-оос дээш бол амралтаар болон зуны улиралд болох ба ийм үеүдээр зөвшөөрөгдсөн бүтэн цагийн (full-time) ажлын эхлэх болон дуусах хугацааг сургуулийнхаа Боловсон Хүчний Албанаас (Human Resources) олж мэдэх хэрэгтэй.

24. F-1 статустайгаар 9 сар болчих юм бол илүү мөнгө олохын тулд кампусаас гадуур ажиллах хүсэлт гаргаж болно гэж манай найз хэлсэн. Энэ үнэн үү?

Кампусаас гадуур ажиллах эрхийг оюутан санхүүгийн хүнд бэрхшээлтэй болсон үед л өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: "Off-Campus Employment (Economic Hardship)"

25. Би компьютерийн инженерийн чиглэлээр зэрэг авахаар сурч байгаа ба Detroit-ын сургууль надад Математикийн багш хийх санал тавьсан юмаа. Энэ ажлыг би “Curricular Practical Training” журмаар хийж болох уу?

Болохгүй. CPT-г заавал өөрийн сурж буй мэргэжлийн дагуу хийх ёстой. Энэ тохиолдолд Computer Engineering байх ёстой.

26. АНУ-д ямар ч зэрэг авсны дараа мэргэжлийн дадлага хийж болно гэж сонслоо.

Хамрагдах шаардлагыг нь хангасан бол ямар нэг зэрэг авах сургалтын дараа Optional Practical Training (OPT)-ыг хийж болно. Дэлгэрэнгүй "Optional Practical Training" хэсгээс харна уу.

27. ESL буюу Англи хэлний хөтөлбөрт хамрагдаж байх үедээ дадлага ажил хийж болох уу?

Болохгүй. ESL хөтөлбөрт хамрагдаж буй оюутан ямар ч төрлийн дадлага ажилд хамрагдах боломжгүй.


МЭРГЭЖЛЭЭ СОЛИХ, СУРАХ ХУГАЦАА СУНГАХ

28. I-20 баримтын 5-р зүйлд заасан хугацаанд би сургуулиа төгсөж чадахгүй нь. Яах ёстой вэ?

I-20 баримтын хугацааг дуусахаас өмнө сурах хугацаагаа сунгах хүсэлт гаргах хэрэгтэй. "Program Extension Information" хэсгээс шаардагдах зүйлсийн жагсаалтыг харна уу.

29. Би зэргээ өөрчилж сурахаар болсон. Өөр зэргийн хөтөлбөрөөр сурч байгааг харуулсан шинэ I-20 авах ёстой юу?

Тийм. I-20-д ямар зэргээр сурч байгааг заавал дурдах шаардлагатай байдаг. Энэ тухай тусгасан шинэ I-20 авахын тулд сургуулийнхаа гадаад оюутны албатай (International Students Office) холбоо барина уу.

30. Би мэргэжлээ сольж сурахаар болсон. Үүнтэй холбогдуулан шинэ I-20 авах хэрэгтэй юу?

Тийм. I-20 дээр сурч буй мэргэжлийг дурдах шаардлагатай байдаг. Мэргэжлийн өөрчлөлтийг тусгасан шинэ I-20 авахын тулд гадаад оюутны албатай (International Students Office) холбоо барина уу.


СТАТУС СОЛИХ

31. Би F-1 оюутан болохын тулд статусаа өөрчлөх хүсэлт гаргах гэсэн юм. Статусаа яаж F-1 болгож өөрчлөх вэ?

Визний статусаа өөрчлөхийн тулд оюутан холбогдох журмыг мөрдөж, жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэх хэрэгтэй. Жагсаалтанд заасан бичиг баримтыг бүрдүүлсний дараа статус өөрчлөх хүсэлт гаргахын тулд цагаачлалын асуудал хариуцсан гадаад оюутны зөвлөхтэй уулзаж ярилцана. Өргөдөл Цагаачлалын Алба (USCIS) руу илгээгдэнэ. Статус өөрчлөх үйл явцад 2-3 сар орно.

32. Би визний статусаа өөрчлөхөөр хүсэлт гаргасан юм. Хавар, намрын улиралд үргэлжлүүлэн бүтэн цагаар (full-time) сурах шаардлагатай юу?

F-2 визээс бусад төрлийн визтэй, F-1 виз руу статус солиулахаар хүсэлт гаргасан оюутнууд Цагаачлалын Албаны (USCIS) шийдвэрийг гартал бүтэн цагаар үргэлжлүүлэн суралцах шаардлагатай. Статус F-1 болохоор зөвшөөрөгдөх хүртэл хүсэлт гаргасан оюутан кампус дотор болон гадуур (CPT- curricular practical training) ажиллах эрхгүй.

33. Миний визний статус F-1 болохоор зөвшөөрөгдсөн. Хэрвээ би эх орон уруугаа явчихаад АНУ-д дахин нэвтрэх бол F-1 визний тамга даруулах хэрэгтэй юу?

Тийм. АНУ-д дахин нэвтрэхэд F-1 визийн хүчинтэй тамгатай байх ёстой. Эх орон руугаа аялж, F-1 виз мэдүүлэхтэй холбоотой мэдээллийг "Гадаадад Аялах" хэсгээс харна уу. Явахаасаа өмнө гадаад оюутны зөвлөхтэй уулзах хэрэгтэй.


F-2 ВИЗТЭЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД

34. Би өөрийн гэр бүлийн хүн, хүүхдүүдээ Америкад авчирмаар байна. Яах ёстой вэ?

F-1 визтэй оюутны гэр бүл, үр хүүхэд F-2 визийн статустайгаар цуг амьдарч болно. Гадаад оюутны албанаасаа F-2 виз мэдүүлэгч бүрт I-20 авах хэрэгтэй. Ингэхдээ гэр бүлийн хүний зардалд $4000, хүүхэд бүрийн зардалд $3000 гаргаж чадна гэсэн баталгаа, паспортын нэр, хаяг зэрэг мэдээллийг гадаад оюутны албанд гаргаж өгөх хэрэгтэй. Гадаад оюутны албатайгаа холбоо барина уу.

35. F-2 визтэй гэр бүлийн хүн маань хичээлд суух хүсэлтэй байна. Зөвшөөрөх болов уу?

F-2 визтэй хүн хичээл үзэх боломжгүй. Харин сургуульд сурахаар бол F-1 виз руу статус солихоор хүсэлт гаргаж болно (визний статус солих жагсаалтыг харна уу). F-1 статусаа авч баталгаажуулсны дараа хичээл авч үзэж болно.

36. Би F-1 оюутан ба элчингийн ажилтан манай гэр бүлийн хүнийг АНУ-д сурч, ажиллаж болно гэж хэллээ. Энэ үнэн үү?

ҮГҮЙ. F-1 визний журмын дагуу, F-2 визтэй хүн АНУ-д сурч, ажиллах зөвшөөрөлгүй.

37. F-2 визтэй хүн нийгмийн даатгалын карт (Social Security Card) авахад амархан байдаг гэж сонслоо. Хэр үнэн бэ?

Үгүй. F-2 визтэй хүн АНУ-д ажиллах эрхгүй. Нийгмийн даатгалын картыг АНУ-д ажиллах зөвшөөрөлтэй, ажиллах албан ёсны санал авсан хүмүүст л олгодог болно.

Эх сурвалжийг англиар дэлгэрэнгүй унших