Америк Боловсрол

Боловсролын Мэдээллийн Сан ♦ Америкт Сурах Таны Хөтөч
Их Сургуулийн Элсэлтийн Бэлтгэлд Ямар Ном Хэрэглэх вэ?
Нийтэлсэн: suvda Огноо: 2006 оны 12 сарын 2
Бичсэн Мягмарын Сувдмаа
Миний өмнө бичсэн Америкийн их сургуульд хэрхэн үнэгүй сурах талаарх нийтлэлүүдийг уншсан нэлээд хүмүүс надад санал сэтгэгдэл, асуулт явуулсан билээ. Зарим залуус, "Их хэрэгтэй мэдээлэл олж авлаа, би өөрөө одоо сургуульд орох гэж бэлтгэж байна. Ямар сурах бичиг, ном хэрэглэвэл зүгээр вэ?" гэж асуусан. Би энэ нийтлэлд TOEFL, SAT, GRE шалгалтанд зориулсан ном хэрхэн сонгох, ямар нэртэй номнууд зүгээр гэдгийг хэлж өгөе.

Ерөнхийдөө шалгалтанд бэлтгэх ном сонгохдоо дараах шаардлагуудыг анхаарах хэрэгтэй:

1) Тухайн шалгалтны бүтэц, хэв шинжийг сайн тайлбарласан байх. Жишээ нь, TOEFL хэдэн төрлийн хэсэгтэй, хэсэг бүрт ямар төрлийн асуулт ирдэг, хариулах хугацаа, цаасан дээр эсвэл компьютер дээр өгдөг болохыг тайлбарласан байна.

2) Шалгалтыг амжилттай өгөх арга ухаан буюу стратеги заасан байх. Жишээ нь, олон сонголттой асуултанд хариулахдаа зарим тохиолдолд зөв хариултыг олох гэж цаг алдахын оронд буруу хариултуудыг хасах замаар зөв хариултаа олсон нь дээр. Огт хариулж мэдэхгүй бол яасан нь дээр вэ, математикийн асуултанд олон тооны үйлдэл хийж цаг алдалгүй хэрхэн хариулах гэх мэтийн олон хэрэгтэй зөвлөгөө агуулсан байх ёстой.

3) Oлон бүрэн хэмжээний тест агуулсан байх. Practice, practice, practice! Иймэрхүү шалгалтанд бэлдэхэд хамгийн чухал зүйл бол тестний форматийг гартаа оруулж авах явдал юм. Энэ нь богино хугацаанд, бага алдаа гаргаж, бүх асуултандаа сандралгүй хариулж дуусгана гэсэн үг. Аль болох олон удаа бүрэн хэмжээний дадлагын шалгалт (full-length practice test) өгөх хэрэгтэй. Ингэвэл та зөвхөн мэдэхгүй зүлээсээ болж оноо хасуулна; цагтаа хариулж амжаагүй эсвэл бантаад алдаа гаргах тохиолдол гарахгүй. Сонгосон ном чинь аль болох олон бүрэн хэмжээний тест агуулсан байх ёстой, мөн эдгээр тест нь жинхэнэ тестний түвшинд, ижил стандарттай байвал зохино.

4) Сайн хэл зүйн хэсэгтэй, байнга тохиолддог үгсийн жагсаалт агуулсан байх. Монгол хүмүүст хэл зүйн хэсэг хамгийн хэцүү байдаг тул шинээр олон үг сурах хэрэг гарна. Мэдээж толь бичиг аваад эхнээс нь дуустал цээжилнэ гэж байхгүй. Зөвхөн тухайн шалгалтандаа хэрэгтэй үгсийг цээжилвэл таны цагт хэмнэлттэй бөгөөд дэндүү олон үг цээжилж урьдах үгсээ мартах нь багасана.

Нэг шалгалтанд бэлдэхэд 2-3 ном хэрэглэх хэрэг гардаг. Учир нь нэг ном дээр тоочсон бүх шаардлагыг хангах нь ховор. Юуны түрүүнд албан ёсны шалгалт зохиодог байгууллагаас гаргасан номыг авах хэрэгтэй. Ийм номын давуу тал нь шалгалтны бүтцийг сайн тайлбарласан, урьд нь албан ёсоор өгч байсан ядаж нэг шалгалтыг оруулсан байдаг. Дутуу тал нь гэвэл арга барил заадаггүй, цөөн тооны дадлагын тесттэй, байнга тохиолддог үгсийн жагсаалт агуулдаггүй. Хэрэв та яг одоо жинхэнэ шалгалт өгсөн бол хэдэн оноо авахаа тогтооё гэвэл энэ л номыг хэрэглэ.

Kaplan, Barron, Princeton гэх мэтийн хэвлэлийн газруудаас гаргасан номнуудын давуу тал нь гэвэл шалгалтаа амжилттай өгөх олон арга барил заадаг, мөн цаасан дээр болон компьютер дээр өгөх олон тооны дадлагын тест агуулсан байдаг. Дутуу тал нь гэвэл эдгээр номнуудын зохиолчид нь жинхэнэ шалгалт бичдэг хүмүүс биш тул тестүүд нь жинхэнээс арай өөр түвшинтэй байдаг. Зарим номнууд алдаатай байх тохиолдол бий. Хэрэв та аль нэг асуултны хариултыг баттай мэдэж байгаа боловч номны хариулт өөр бол редакцаас алдаа гаргасан боловуу. Ийм номнууд голдуу ямар нэг хэмжээгээр "мэдвэл зохих үгс" гэсэн жагсаалт агуулсан байх боловуу.

TOEFL тэр чигээрээ, SAT/GRE-ийн хэл зүйн хэсгүүд их өргөн дэлгэр үгийн баялаг шаардана. Мэдээж TOEFL-ийн хэлний түвшин нөгөө хоёр шалгалтаас хамаагүй доогуур, гадаадын хүмүүст зориулсан, гэхдээ л англи хэлээр аль ч их сургуульд лекц сонсоод ойлгох түвшинд байна. SAT/GRE шалгалтуудыг та бусад америкчyyдтай хамт өгнө гэдгээ санах хэрэгтэй, ийм учир хэлний бэлтгэлдээ сайн анхаарах хэрэгтэй. Yгийн баялгаа сайн арвижуулая гэвэл зориулалтын сурах бичиг, ном авах хэрэгтэй. Зөвхөн хэл зүйн хэсэг, үгийн баялагт төвлөрсөн номнууд бий.

Доорх номнуудыг та ойролцох "Barnes and Noble" эсвэл "Borders" гэсэн номын дэлгүүрүүдээс хайгаарай. Хэрэв та хөдөө орон нутагт байдаг, ойролцоо том номын дэлгүүр байхгүй, эсвэл дэлгүүрт чинь зарим номнууд байхгүй бол интернет дэлгүүрээс ав. Хамгийн их номтой, хамгийн бага үнэтэй, найдвартай онлайн номын дэлгүүр бол amazon.com юм. Би өөрөө эднийхээс олон ном авч байсан. Ер нь номны үнэ онлайн илүү хямдхан байх нь элбэг. Доорх номнуудыг amazon.com-оос худалдан авая гэвэл зурган дээр нь дарна уу.


TOEFL

1) TOEFL iBT: The Official ETS Study Guide
by Education Testing Service
2) Essential Words for the TOEFL
by Steven J. Matthiesen
3) Barron's TOEFL iBT Internet-Based Test 2006-2007 12th Edition with CD-ROM
by Pamela Sharpe


SAT

1) The Official SAT Study Guide
by The College Board
2) 500 Key Words for the SAT, and How to Remember Them Forever!
by Charles Gulotta
3) 11 Practice Tests for the SAT and PSAT, 2007
by Princeton Review


GRE

1) GRE: Practicing to Take the General Test
by Educational Testing Service
2) GRE Exam Vocabulary Flashcards
by Kaplan
3) How to Prepare for the GRE with CD-ROM
by Sharon Weiner Green, Ira Wolf

Та бүхэнд сурлагын амжилт хүсэе!