Америк Боловсрол

Боловсролын Мэдээллийн Сан ♦ Америкт Сурах Таны Хөтөч
High School Төгсөгч: Коллежид Ормоор Байна, Арга Байна уу?
Нийтэлсэн: suvda Огноо: 2006 оны 09 сарын 19

Бичсэн Мягмарын Сувдмаа
Жил ирэх тусам АНУ-д оршин сууж буй монголчуудын тоо өссөөр, Америкийн ерөнхий боловсролын сургууль төгсөж буй монгол хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Эзэн хичээвэл заяа хичээдэг энэ оронд амьжиргаагаа дээшлүүлэх гэж зорин ирсэн олон сая цагаачдын адил монголчууд маань хүүхдүүдээ дээд боловсрол эзэмшин тав тухтай амьдрал эдлэхийг хүсч байгаа байх. Эдгээр хүүхдүүдийн нэлээд хэсэг нь Америкт хууль бусаар байгаа нь нууц биш юм. Энэ нийтлэлд хууль ёсоор болон хууль бусаар оршин суугаа сурагчдад зориулан коллежийн элсэлтийн талаар зарим нэг мэдээлэл өгөе. Энэ нь Америкийн боловсролын талаарх цуврал нийтлэлийн 3 дахь дугаар юм.
Америкийн ерөнхий боловсролын сургууль нь 12 жилийн сургалттай ба ахлах ангиудыг нь high school гэж нэрлэнэ. Статистикийн албаны мэдээллээр 2005 онд АНУ-д нийтдээ 3,089,000 хүүхдүүд high school төгсөж, эдгээрийн 68.6% нь дээд сургуульд элсэн орсон байна. Жил бүр АНУ-д нийт 65,000 opчим бичиг баримтгүй эсвэл визний зөрчилтэй хүүхдүүд high school төгсдөг гэнэ. Энэ тоог хараад та Америкийг хууль бус хүмүүст ээлтэй орон юм гэж ойлгож магадгүй. Гэвч зөвхөн ерөнхий боловсролын сурагчид улсын ивээлд байдаг. АНУ-ын хуулиар насанд хүрээгүй aливaa хүүхэд, оршин суугчийн статус үл харгалзан, ерөнхий боловсрол үнэгүй эзэмших эрхтэй. Ийм учраас ч ерөнхий боловсролын сурагчдаас оршин суугчийн статусыг нь асуудаггүй ба хууль бус сурагчдад арга хэмжээ авдаггүй юм. High school төгсөнгүүт байдал өөрөөр эргэнэ ...

High school төгсөгч цаашид дээд сургуульд сурах хэрэг байна уу хэмээн өөрөөсөө асууж байсан удаатай байх. Бүх насаараа Солонгос мухлагт лангуу сахиж эсвэл шөнийн цагаар шал угаах хүсэлтэй хэн байх билээ. Дундажаар дээд боловсролтой хүн боловсролгүй хүнээс илүү их орлого олохоос гадна бас эрхлэх ажлын цap хүрээ өргөнтэй, өөрийн үзэл бодлоо оновчтой илэрхийлж чаддаг, мөн зарим судалгаагаар бас илүү урт насалдаг гэнэ. Статистикийн алба янз бүрийн түвшний боловсролтой хүмүүсийн 2005 оны жилийн орлогыг харьцуулсан байна. Энэ мэдээллээр бакалаврын зэрэгтэй хүн зөвхөн ерөнхий боловсрол эзэмшcэн хүнээс дундажаар 61%-иар илүү орлотой байхад, мастерийн зэрэгтэй хүн түүнээс 2 дахин илүү орлотой, докторын зэрэгтэй хүн 2.5 дахин илүү орлоготой байсан байна. Жил ирэх тусам энэ зааг өргөсөж байгаа гэнэ.

Хэрэв коллежид орохоор шийдсэн бол тухайн сурагч 12-р ангиа эхэлж байхдаа элсэлтийн бэлтгэлээ хийж эхлэх хэрэгтэй. Yүнд зохих сургуулиудаа хайж, SAT шалгалтандаа бэлдэх зэрэг орно. Ихэнх дээд сургуулиуд Америкт 3-4 жил сурсан сурагчдаас TOEFL оноо шаардахгүй. Гэхдээ орох сургуулиасаа давхар лавлах хэрэгтэй. Мөн коллежүүд элсэлтийн өргөдөл болон бусад материалийг 1, 2-р сарын үед авч дуусдаг, зарим нь бүр 12-р сард сүүлчийн өргөдөл хүлээн авдаг тул 12-р сарын эхээр бүх материалаа жин тан болгочихсон байвал зохистой. SAT шалгалт нь high school-aas тусдаа үйл ажиллагаатaй тул хүүхдүүдйиг шалгалтаа өгөөрэй гэж сануулж хэлэх хүмүүс сургууль дээр нь тэр болгон байхгүй боловуу. Зарим монголчууд SAT өгөхөд нийгмийн даатгалын дугаар (SSN) шаардлагатай гэсэн ойлголттой байдаг. Энэ нь буруу дүгнэлт юм. Хэрэв та "SAT-д Бүртгүүлэх Заaвар" үзвэл энэ шалгалтанд бүртгүүлэхэд SSN асуудаг боловч заавал өгөх шаардлагагүй, ийм дугаар байхгүй бол хоосон орхи гэсэн байгаа.

[ Эхлэл руу ]

Сургалтын Визтэй Сурагчид

Хууль ёсоор оршин суугаа сурагчдын зарим нь сургалтын F-1, J-1 визээр ирж визнийхээ статусыг зөрчилгүй хадгалсан, бусад нь гэр бүлээрээ дамжуулан ногоон кард авсан эсвэл АНУ-ын иргэн болсон хүмүүс юм. Сургалтын визтэй сурагчид коллежид орохдоо гадаадын оюутан (Foreign Student) гэж тооцогдох ба орох сургуулиасаа заавал I-20 форм хүсэмжлэх хэрэгтэй. Энэ форм нь шинээр виз авах эсвэл одооны визний статусаа сунгахад шаардлагатай юм. Сургалтын визний статус хадгалах болзол улам хатуу болсон бөгөөд сургуулиуд энэ болзлыг чанд сахиулж, хянадаг. Эдгээр оюутнууд сургуулиас 3 сараас илүү хугацаагаар завсардаж болохгүй тул high school төгсөнгүүтээ намар нь аль нэг коллежид бүртгүүлж визний статусаа сунгуулах хэрэгтэй, эсвэл Монгол явж шинээр виз авах хэрэгтэй.

12-р ангид байхдаа элсэлтийн бэлтгэл хийж, аль нэг коллежид орох урилга авсан гэж бодоё. Тэгвэл Монгол явалгүй Америкт байхдаа визний статусаа сунгуулж болно. Нэг сургуульд (high school эсвэл коллеж) сурч байгаад өөр сургууль руу ороход сургалтын визний статус автоматаар сунгагдах ба Цагаачлалын Албанд хандах хэрэггүй, зөвхөн шинэ сургуулиасаа I-20 аваад боллоо. Yүнийг "Student Visa Transfer" гэнэ. I-20 форм чинь хүчинтэй байх хугацаанд та Америкт амьдарч, сурч болно. Таны визний статус сунгагдсан боловч паспорт дээрх нэвтрэх виз чинь сунгагдаагүй тул Америкаас гарах юм бол шинээр виз авч байж буцаж орж ирнэ. Коллежид хэсэг хугацаанд сурч байгаад амралтаараа Монгол яваад АНУ-ын элчингээс шинээр сургалтын виз авч болно. Эсвэл коллеж эхлэхээсээ өмнө Монгол явж болно. Аль аль тохиолдолд бүрдүүлэх бичиг баримт, виз авах магадлал адилхан. 4 жилийн баталгаат коллежид үндсэн оюутнаар орох урилга авсан бөгөөд yрьд нь визний зөрчилгүй байсан бол виз төвөггүй, өндөр магадлалтай гарах ёстой. Одоо үед ийм оюутнуудад голдуу 5 жилийн виз олгодог болсон байна. Энэ 5 жилийн хугацаанд дахин виз хүсэлгүй чөлөөтэй ирж очиж болно гэсэн үг.

Сургалтын визтэй Америкт байгаа хүүхдүүд scholarship буюу тэтгэмж олох арга зам, магадлал нь ерөнхийдөө Монголд дунд сургууль төгсөөд тэндээс элсэлтийн материалаа явуулж байгаа хүүхдүүдтэй адилхандуу. Давуу тал нь гэвэл Америкт байсных, англи хэл нь илүү сайн, SAT шалгалтны хэл зүйн хэсэгт илүү өндөр оноо авч магадгүй. Гадаадын оюутнуудад олдох тэтгэмжийн төрлүүд гэвэл сургуулиудаас олгодог тэтгэмжүүд, төрөлх орны засгийн газраас олгодог зээл/тэтгэлэг, эсвэл Fulbright, Soros мэтийн олон улсын сангуудийн тэтгэмж байна. Зөвхөн Америкт үйл ажиллагаагаа явуулдаг, ямар нэг сургуультай холбоогүй сангууд гадаадын оюутнуудад голдуу хамааралгүй байдаг. өмнөх нийтлэлд Америкт хэлний курсэд сурч байгаад коллежид бүрэн тэтгэмжтэй элсэн орсон хүний тухай өгүүлсэн тул дэлгэрэнгүй мэдээг тэндээс уншина уу. Yүн дээр нэмээд, гадаадын оюутнууд мөн спортын тэтгэмж авах боломжтой, энэ талаар дараагийн бүлэгт уншина уу.

[ Эхлэл руу ]

Ногоон Кард Эзэмшигчид, АНУ-ын Иргэд

Ногоон кард эзэмшигчид болон АНУ-ын иргэн болсон хүүхдүүд бусад Америкчүүдын адил эрхтэй. Эдгээр хүүхдүүд оршин суугаа муждаа улсын сургуульд (public school) орвол "in-state tuition" буюy мужийн оршин суугчдад зориулсан хөнгөрүүлсэн төлбөрөөр сурах боломжтой. Бусад мужийн иргэд болон гадаадын оюутнууд "оut-of-state tuition" буюу бүрэн төлбөр төлөх ба энэ нь хөнгөрүүлсэн төлбөрөөс голдуу 2 дахин өндөр байдаг юм. Улсын сургуулиуд үнэн хэрэгтээ нэгдсэн улсын засгын газраас биш, мужийнхаа татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг тул зөвхөн өөрийн мужийн оршин суугчдын зардлыг хөнгөрүүлдэг. Зарим хөрш мужууд хоорондоо боловсролын тохиролцоо хийж, эдгээр мужуудийн иргэд хөрш мужийнхаа улсын сургуульд хөнгөрүүлсэн зардлаар сурах боломжтой. Хувийн коллежүүд улсаас ч, мужаас ч санхүүжилт хүртдэггүй учир бүх оюутнууд ялгаагүй ижил хэмжээний төлбөр төлдөг.

Муж болгон oршин суугчаар ангилан тогтоох өөрийн журамтай. Жишээ нь, Виржиниа мужийн оршин суугч гэж тогтоолгож хямд зардлаар сурахын тулд тухайн хүүхдийн эцэг эх Виржиниа-д ядаж сүүлийн нэг жилийн тypш байнга амьдарсан, эсвэл зэргэлдээ мужид амьдран Виржиниа-д ажилласан байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн эсвэл эцэг эхээсээ тусгаар тогтносон насанд хүрээгүй хүүхэд өөрөө бие даан Виржиниа мужид сүүлийн нэг жилийн турш амьдарсан бол мөн тэнцэнэ. Жилийн хугацаанд тухайн мужид оршин сууснаа нотлох баримтууд гэвэл жолооны үнэмлэх, орлогын татвар төлсөн баримт, авто машиний бүртгэл, сонгуулийн бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл зэрэг орно. Энэ журам нь энд танилцуулснаас илүү дэлгэрэнгүй ба бүрэн эхийг нь бусад мужуудийн мэдээллийн хамт уншия гэвэл CollegeBoard.com дээрх "Guide to State Residency" гэсэн нийтлэлийг үзэж өөрийн мужийн газрын зурган дээр дарна уу.

өөрийн муждаа хямд зардлаар сурах боломжоос гадна ногоон кардтай хүмүүс, АНУ-ын иргэдэд зориулсан олон төрлийн тэтгэмжүүд байдаг. Сургуулиудын олгодог тэтгэмжийн төрлүүд гэвэл гоц оюутны (merit scholarship), гачигдлын үндэслэлтэй (need-based scholarship), мөн спортын тэтгэмж (athletic scholarship) гэсэн үндсэн ангилалтай. Эдгээрийн зарим нь сургалтын төлбөрийн нэг хэсгийг хөнгөлдөг, зарим нь бoлoxoop сургалтын төлбөрийг бүтнээр нь хөнгөлөөд зогсохгүй мөн оюутны байр, хоолны зардал олгох тохиолдол байдаг. Надтай хамт сурч байсан зарим оюутнууд иймэрхүү тэтгэмж авдаг байсан юм. Аливаа тэтгэмжинд нэрээ дэвшүүлэхийн тулд тэтгэмжийн өргөдлийг сургуулийн элсэлтийн материалтай хамт явуулах хэрэгтэй, сургуульд ортлоо хүлээж болохгүй. Гоц оюутны тэтгэмж нь шаардлага хангасан гадаадын болон дотоодын оюутнуудад бараг ялгаагүй хүртээмжтэй; нөхцөл нь гэвэл ерөнхий боловсролын сургуулиа онц сайн төгссөн, элсэлтийн шалгалтанд өндөр оноо авсан, багш нараас сайн тодорхойлолт авсан байх явдал юм. Гадаадын оюутнуудын авч болж байгаа ямарч тэтгэмжийг адилхан үзүүлэлттэй Америкийн иргэн, байнгын оршин суугч авах эрхтэй юм. Ялангуяа улсын коллежүүд хуулиар ийм зарчим баримтлах ёстой юм.

Шилдэг тамирчдад олгодог спортын тэтгэмжийг шаарлага хангасан гадаадын болон Америкийн оршин суугчид авах боломжтой. Гэхдээ гадаадын тамирчид ийм тэтгэмжинд шалгарах нь жаахан бэрхшээлтэй, учир нь гэвэл тухайн тамирчны ур чадварыг үнэн бодитоор шалгах хэцүү. Олон улсын тэмцээнд шагналт байранд орж байсан бол сайн, aвcaн диплом, үнэмлэхээ нотолгоо болгон явуулж болно, дээр нь бас олон улсын нэртэй дасгалжуулагч, шүүгчээс тодорхойлолт авах хэрэгтэй байх. Зарим сургуулиуд шилдэг тамирчид олохын тулд гадаадын зарим нэртэй сургууль, спортын клубууд руу төлөөлөгч явуулж тамирчидтай уулзуулдаг юм билээ. Жишээ нь, миний сурч байсан коллеж Норвегийн нэг хотоос нэлээд хэдэн эрэгтэй, эмэгтэй хөл бөмбөгчид (soccer) олж авчирсан. Америкт амьдарч байгаа тамирчдын хувьд бол заавал олон улсын тэмцээн гэлгүй, бүс нутгийн (regional) эсвэл улсын хэмжээний тэмцээнд амжилттай оролцсон бол спортын тэтгэмж авах магадлалтай. Коллежийн дасгалжуулагч нар Америкийн ерөнхий боловсролын сургуулиудаар аялж сайн тамирчин шалгаруулан авдаг. Тэр үеийг алдалгүй, дасгалжуулагч нартай уулзах хэрэгтэй. Яг чухам ямар төрлийн спортоор тэтгэмж авч болохыг би нарийн мэдэхгүй, лавтайяа ихэнх сургуулиуд Америк болон Еврoп хөл бөмбөг, сагсан бөмбөг, хөгжөөн дэмжих бүжиг (cheerleading), хөнгөн атлетикийн тамирчид авдаг. Бүр том сургуулиуд гимнастик, бөх, голф, теннис бас оролцуулдаг.

Гачигдлын үндэслэлтэй тэтгэмжүүд зөвхөн АНУ-ын иргэд болон байнгын оршин суугчдад хамааралтай. Ийм тэтгэмжийг "financial aid" гэx ба санхүүжилт нь голдуу нэгдсэн улсын засгын газраас (Federal Government) хангагддаг. Federal Pell Grant, Federal Supplemental Educational Opportunity Grant, Federal SMART Grant гэх мэтийн бага орлотой айлийн хүүхдүүдэд дээд боловсрол олгоход зориулсан буцалтгүй тусламжууд бий. Эдгээрт өргөдөл явуулахын өмнө заавал аль нэг улсын сургуульд орох урилга авсан байх ёстой, хэд хэдэн сургууль ч байж болно. Урилга авсан сургуулиасаа бүрэн тэтгэмж аваагүй бол эдгээр улсын тусламжинд өргөдөл явуулж болно. Бүгдэнд нь нэг дор ганц л application форм бөглөөд явуулдаг. Энэ формийг "Free Application for Federal Student Aid" буюу товчоор "FAFSA" гэдэг. Танай гэр бүлийн жилийн орлого, ам бүлийн тоо, дээд сургуульд сурч байгаа хүүхдийн тоо гэх мэтийн асуулт асууна. Орлогын нотолгоо болгож өнгөрсөн жилийн татвар төлсөн баримтаа хавсаргах ёстой. өргөдлөө холбогдох баримтын хамт Боловсролын Яам руу явуулахад тэд "Expected Family Contribution" (EFC) гэсэн тоог тооцоолон бодож таны элсэлтийн урилга авсан сургуулиуд руу явуулдаг. Эдгээр сургууль улсын сургууль байх ёстой юм. EFC тоо нь танай гэр бүлээс таны сургалтанд хандивлах ёстой мөнгөний хэмжээ юм. Ам бүл ихтэй, орлого бага байх тусам энэ тоо бага байна. Тухайн сургууль энэ тоон дээр үндэслэн оюутны гачидлын хэмжээг тогтоож, тэр хэмжээний мөнгийг улсаас гаргуулан оюутны зардлын дутагдлыг нөхдөг юм. Гэр бүлийн чинь боловсролд зарцуулах хэмжээг жилд $3,000 гэж тогтоосон гэе. Тухайн сургуулийн сургалтын зардал жилд $8,000 гэвэл таны гачигдлын хэмжээ $5,000 юм. Сургуулиуд бас байр, хоолны зардлыг оруулж тооцоолдог. Улсаас оюутны хэрэгцээнд зориулж хэдий хэмжээний тусламж хүсэхийг тухайн сургууль шиднэ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээг сургуулиасаа эсвэл FAFSA мэдээллийн сангаас тодруулна уу. Нэмж хэлэхэд, эцэг эхээсээ тусгаар тогтносон гэж шүүхээр тогтоолгосон оюутан эцэг эхийнхээ орлогыг оруулалгүй зөвхөн өөрийн орлогоор бодуулж болдог.

Мужууд тус тусдаа бас боловсролын тусламжийн сантай ба тэдгээрт тусад нь өргөдөл явуулна. Мөн Federal Stafford Loan, Federal PLUS Loan, Perkins Loan гэх мэтийн бага хүүтэй боловсролын зээлүүд байдаг ба оюутныг сургуульд сурч байх хооронд хүүг нь улс төлдөг.

[ Эхлэл руу ]

Бичиг Баримтгүй, Хууль Бус Хүүхдүүд

Жил бүр 65,000 хууль бус хүүхдүүд Америкт high schoool төгсөж байна, эдний дунд 200-400 орчим Монгол хүүхдүүд байгаа болов уу гэж таамаглаж байна. Эцэг эхийн хамт Америкт хэдэн жилийн өмнө ирээд визний статус нь хүчингүй болсон, эсвэл бага балчир байсан тул хүний паспорт дээр бичигдэн орж ирээд одоо өөрийн гэх бичиг баримтгүй монгол хүүхдүүд нэлээд бий. Эдгээр хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд бусад Америк хүүхдүүдээс дутахгүй бүх эрх дархтай нь сурч байсан боловч төгссөн хойно тэдний байдал эгзэгтэй болно. Хамгийн ноцтой нь коллежид орохдоо виз, санхүүгйин асуудлаа яаж шийдэхээ мэдэхгүй байх явдал юм. Би тэр бүхэнд оновчтой хариулт өгч чадахгүй боловч энэ нийтлэлийг уншаад энэ талаар мэдлэгтэй оюутнууд, эцэг эхчүүд болон хуулийн мэргэжлийн хүмүүс ярилцлагад идэвхтэй оролцон энэ хүүхдүүдэд туслана гэж найдаж байна.

Коллежид орохдоо визний асуудлаа нэг бол Монгол явж шийдэж болно эсвэл огт шийдэлгүй хууль бус хэвээр сургуульд орж болох юм. Эхлээд хууль ёсны визтэй болох арга замын талаар хэдэн үг хэлье. Шинээр хууль гардаггүй л юм бол Америкт байхдаа Цагаачлалын Албанд хандан визний статусаа сэргээх арга байхгүй байх. 6 сар хүртэлх хугацаагаар статусаа зөрчсөн бол өргөдөл мэдүүлж сэргээх (Adjustment of Status) боломжтой боловч хэдэн жилээр харласан хүн найдваргүй гэж бодож байна. Түүгээр ч барахгүй ямар нэгэн бодитоо шалтгаангүйгээр статусаа сэргээх гэж Цагаачлалын Албанд хандвал өргөдлийг чинь татгалзаад, таныг Америкаас албадан гаргах (deportation) шийдвэр ирж магадгүй. Визний статусаа 6-12 сараар зөрчсөн хүн АНУ-аас гарвал 3 жилээр дахин орж ирэх эрхийг нь хасна, нэг жилээс илүү хугацаагаар зөрчвөл 10 жилийн турш АНУ руу дахин орж ирэх эрхгүй болох юм байна. Анх өөрийн паспортаар гаалиар орж ирсэн хүн Америкаас гарахад түүний паспортны цагаан хуудсыг (I-94) хурааж авах үед визний статусаа зөрчсөн нь мэдэгдэж тэмдэглэлд орно. Дахин виз хүсэх үед тэр мэдээлэл нь визний консулд харагдаж виз өгөхөөс татгалзана. Ямар нэг аргаар виз гарсан ч Америкийн гаалиар орж ирэх үед урьдах зөрчил нь илэрч хил дээрээс буцах хэрэг гарах юм.

Хууль бус хүүхэд Монгол явж, цоо шинэ нэртэй, шинэ паспорттай виз хүсвэл өөр хэрэг л дээ. Монгол явахаасаа өмнө коллежийн элсэлтэнд тэнцээд, орох урилгаа авчихвал шинээр оюутны виз хүсэхэд тycтaй юм, гэвч сургуулиас өгсөн I-20 дээрх нэр чинь паспорт дээрх нэртэй чинь таарахгүй бол базаахгүй хэрэг. Нэг бол Монголд жил орчим болохдоо тэнд TOEFL, SAT өгөөд, тэндээс коллежийн элсэлтээ хөөцөлдөөд, I-20 формоо сургуулиасаа хүлээн авч, улмаар визэнд орж болох юм. Харин анх өөрийн паспортгүй, эцэг эхийнхээ паспорт дээр бичигдэн АНУ-д орж ирсэн хүүхдийн нэр Америкийн гаалийн дансанд орсон байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Уг нь бол тэр хүүхэд өөрийн гэсэн I-94 хуудасгүй учир визний статус зөрчсөн гэсэн тэмдэглэл авмааргүй юм, гэхдээ сайн мэдэхгүй бол зөрчилтэй гэж бодож явсан нь дээр байх. Аль ч тохиолдолд, Монгол яваад шинэ визтэй болж буцаж ирж чадвал бусад гадаадын оюутнуудтай адил эрхтэй болох тул энэ нийтлэлийн эхний бүлэг, мөн өмнөх нийтлэлд өгүүлсний дагуу тэтгэмж хайж болно.

Монгол явж азаа үзэхийг хүсэхгүй эсвэл явах боломжгүй бол эндээ байж байгаад коллежид орж болох юм. Ерөнхийдөө сургуулиуд зөвхөн тус сургуулиас олгосон I-20 формоор виз авсан оюутнуудыг л хянадаг юм. Ингэж виз авсан оюутнууд сeмeстрийн эхэнд сургуульдаа ирж бүртгүүлсэн үү, хангалттай хэмжээний хичээл авч байна уу гэх мэтийн мэдээллийг Цагаачлалын Албанд мэдэгдэж байдаг. Харин анхнаасаа тус сургуульд элсэлтийн өргөдөл явуулахдаа Америкийн иргэн гэж хэлсэн бол I-20 форм өгөхгүйн дээр визний зөрчилтэй эсэхийг чинь нэг их сонирхохгүй. Америкийн иргэдийн бөглөдөг элсэлтийн өргөдөл дээр хувийн мэдээлэл гэвэл нэр, хаяг, төрсөн огноо, SSN- эдгээрийг л асуудаг юм билээ. Зарим сургуульд SSN өгөхийг хатуу шаарддаггүй, хувь хүн өгөхөөс татгалзаж болно. Мөн SSN дугаарын оронд татвар төлөөгчийн дугаараа (Tax ID) өгч болно эсвэл хоосон орхиж болно. Зарим сургууль хууль бус оюутнуудад хичээл авахыг зөвшөөрөх боловч зэрэг олгодоггүй гэнэ. Жишээ нь, Вашингтон мужийн Big Bend Community College-d SSN заавал шаарддаггүй. University of California at San Diego-d жолооны үнэмлэхтэй байхад болох юм байна. Мөн University of Illinois-d хууль бус оюутнууд нэлээд байдаг бололтой, заримдаа жагсаал хийж яваа харагддаг юм.

Хууль бус хүүхдүүд мэдээж улсаас болон мужаас санхүүждэг тэтгэмж авч чадахгүй, эдгээр нь SSN хатуу шаарддаг бөгөөд улсын бүртгэлээс шалгаж иргэн мөн эсэхийг нь тогтоодог. Сургуулиудийн өөрсдийн олгодог тэтгэмжүүд болон гадны бусад тэтгэмжүүд хууль бус оюутнуудад янз янзаар хандана. Зарим нь SSN шаардана, зарим нь шаардалгүй оронд нь сургуулиас олгодог оюутны дугаар асууна. Тэтгэмж олж чадахгүй бол оршин суугаа мужийнхаа сургуульд хөнгөрүүлсэн "in-state tuition" төлбөрөөр сурах боломж олдож магад. Texas, California, New York, Utah, Illinois, Washington, Nebraska, New Mexico, Oklahoma, Kansas гэсэн 10 мужууд цагаачдын талаар шинэ хууль гарган тухайн мужид 3 буюу түүнээс дээш жил high school-d сурсан хууль бус хүүхдүүд муж дотроо хөнгөрүүлсэн төлбөрөөр сурч болно гэж зөвшөөрчээ. Энэ явдал нь хууль бус оюутнуудад их тустай юм. Жишээ нь, University of California-d хөнгөрүүлсэн төлбөр нь бүрэн төлбөрөөс $10,000-аар бага гэнэ. Гэвч шинэ хууль гарснаас хойш хууль бус хүүхдүүдийн дээд сургуульд орох тоо тийм ч их нэмэгдээгүй нь шинэ хуулиуд олны сонорт хүрээгүй байх гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ хуулийг ашиглаж буй оюутнууд голдуу community коллежид сурдаг гэнэ, учир нь community коллежүүд угаасаа 4 жилийн коллежээс хямд, дээр нь бас хөнгөрүүлсэн төлбөрөөр сурах юм бол бүр ч болоод явчихдаг гэнэ. Калифорниа мужийн community коллежид нэг хичээлийн төлбөр мужийн оюутнуудад $78 байхад, бусад гадны оюутнуудад $500-ийн үнэтэй байх жишээтэй. Бусад олон мужууд хуyль бус хүүхдүүдийн хувь заяаг хөндсөн хууль гаргах гэж хэлэлцэж байгаа.