Америк Боловсрол

Боловсролын Мэдээллийн Сан ♦ Америкт Сурах Таны Хөтөч
Дүү маань Америкийн Их Сургуульд 4 Жил Yнэгүй Сурсан нь
Нийтэлсэн: suvda Огноо: 2006 оны 08 сарын 21
Бичсэн Мягмарын Сувдмаа

Энэхүү нийтлэл нь зохиогчийн өмнө нь бичсэн Америкийн Их, Дээд Сургуулиудад 9 Жил Yнэгүй Сурсан Минь гэсэн нийтлэлийн цуврал юм. Дүү маань Америкт ирсэн хойноо элсэнтэнд бэлдэж байгаад, миний сурч байснаас өөр их сургуульд сургалтын бүрэн хөнгөлөлттэйгээр орсон тул түрүүчийн өгүүлэлтэй давхардаxгүй гэж бодож байна. Монгол оюутан сурагчид болон эцэг эхчүүдэд тустай болов уу.

2001 оны 9-р сар миний хувьд марташгүй үйл явдлуудаар дүүрэн байлаа. Би шинэ хотод суурьшиж магистрын сургалтаа дөнгөж эхлээд байсан ба Монгол дахь ар гэрийнхэн мань гэр бүлийн хурал хийж дүүг мань АНУ-д ирүүлж миний дэргэд байлгаж амeрикийн их сургуульд элсэх бэлтгэл хийлгэхээр шийдэцгээв. Энэ нийтлэлд дүүгээ Бат гэдэг нэрээр танилцуулъя. Бат тэр үед Монголд КТМС (Компьютерийн Техник Мэргэжлийн Сургууль)-д сурч байсан ба америкийн их сургуульд програм хангамжийн мэргэжлээр суралцахыг хүсcэн юм. Би өөрөө нэг хэсэг КТМС-д сурч байсны хувьд энэ сургуулийг сургалт сайтай, чанартай сургууль гэдгийг мэдэх юм. Ямар ч л байсан миний үед тийм байсан. Гэвч ирээдүйд аль ч оронд мэргэжлийн ажил хийх эсвэл дээд шатны сургуульд ороход ганц КТМС-ийн диплом урдаа бариад явах бэрхшээлтэй юм. Болгосон хүмүүс байдаг л даа, гэвч бид өөрөөр шийдсэн юм. Монголдоо бакалавраа төгсөж байгаа оюутнуудад хандаж хэлэхэд Монголд их сургууль төгсөөд америкт магистр, докторын зэргээр иpcэн хэд хэдэн залуучуудыг би таних тул санаагаар унасны хэрэггүй, 4 жил чинь талаар өнгөрөөгүй гэж хэлэх байна.

Америкийн коллежд орох хүртлээ Бат надтай 1 жил амьдрах хэрэгтэй байсан тул жуулчны виз хүсэхийн оронд англи хэлний курсээр ирвэл жилийн хугацаатай виз авах боломжтойн дээр хэлний сургалт нь элсэлтийн бэлтгэлд нэмэр болно гэж үзэв. Яаж ийж байгаад бид 1 жилийн сургалтын төлбөрийг нь төлж чадна гэж бодоцгоов. Ингээд миний оршин сууж байсан хот дахь нэгэн жижигхэн, хувийн англи хэлний сургуульд элсүүлэхээр болж, тэр сургуулиас нь виз мэдүүлэх бичиг баримтыг Монгол руу явуулав. Визний яpилцлaгaд орох өдрөө товлочихоод байж байтал 9 сарын 11-нд аймшигт үл явдал болж Нью Йoрк хотын сүлд тэмдэг болсон хос цамхагууд нурж унав. АНУ-ын элчин сайдын яaмны визний консул тэр даруй хаагдав. Бид ч Батын Америк явах мөрөөдөл талаар боллоо гэж бодон толгойгоо унжуулж сууж байтал визний консул удалгүй нээгдэж, 13-ны өдөр дүү мань хэлний сургалтын виз авав. Дашрамд хэлэхэд хэлний сургалтын виз авах тийм ч амаргүй, аз таарвал гардаг гэдгийг хэн бүхэн мэдэх байх. Харин бакалавр, магистр, докторын сургалтаар виз хүсч байгаа хүмүүс төвөггүй авдаг билээ.

************************************************

Би Батын англи хэлний мэдлэгийн түвшинг сайн мэдэхгүй, коллежд элсэхэд хэр зэрэг их бэлтгэл хэрэгтэй бол гэж санаа зовж байв. Түүнийг Америкт ирсэн хойно англиар гайгүй ярьж, ойлгож байгаад нь гайхан учрыг асуухад Монголд америк кинонyyд англиар үзсээр байгаад дунд зэргийн түвшний англи хэлтэй болсон гэв. (Хүүхдүүдэд анхааруулахад телевиз их үзэх нь хараанд болон сурлагад муу нөлөөтэй. Түүнээс гадна Бат ахлах анги болон КТМС-д мэр сэр англи хэл үзсэн байх л даа.) Бат англи хэлнийхээ курсдээ орсон даруйд бид хоёр хамгийн гол ажил болох коллежийн бэлтгэлээ эхлэв. Миний түрүүчийн нийтлэлд тайлбарласнаар TOEFL, SAT гэсэн 2 шалгалт өгөх хэрэгтэй байв. TOEFL нь SAT-ийг бодвол харьцангүй доогуур англи хэлний мэдлэг шаарддаг тул эхлээд TOEFL-д бэлдсэн юм. Номын дэлгүүр болон amazon.com-оос хэд хэдэн сурах бичиг авч, Бат тэдгээрийг өдөр бүр судалж, дасгал хийж, туршилтийн тест авч, үг цээжилж байв. 11-p сард TOEFL шалгалтаа өгч, авах хэрэгтэй байсан 550 оноогоо авсан.

Дараагийн шатны бэлтгэл нь SAT байв. Энэ шалгалтны математикийн хэсэгт бэлдэх бидний гол арга бол эхлээд математикийн нэр томъё, хэллэгүүдийг англиар мэдэж аваад богино хугацаанд санаандгүй жижиг алдаа аргалгүй олон асуултанд түргэн хариулж сурах явдал байв. Yүнд бэлдэж байгаа Монгол дунд сургууль төгсөөн залуучууд шинээр ямар нэг матемакийн мэдлэг олж авах шаардлага байхгүй, харин зарим мэдлэгээ сэргээх хэрэгтэй байх. Энэ хэсэгт өгүүлбэртэй бодлогууд, геoметрийн бодлогууд, граф эсвэл хүснэгтээс мэдээлэл олж авах гэх мэтийн бодлогууд байсан санагдана.

SAT шалгалтны хэл зүйн хэсэг нь нэлээд хэцүү, гол анхаарaл чармайлтаа тавих хэсэг юм. Энэ хэсэгт дараах хэлбэрийн асуултууд ирнэ: өгүүлбэрийн аль нэг хэсгийг ойролцоо утгатай хэллэгүүдээс хамгийн сайн тохирохоор нь орлуулах, өгүүлбэрийн найруулгыг сайжруулах, өгүүлбэрийн алдааг засах, дутуу өгүүлбэрийг нөхөн гүйцээх гэх мэт. Мөн зохион бичлэг бичүүлдэг ба өгсөн сэдвээр өөрийн үзэл бодлыг илэрхийлж, түүнийгээ нотлон тайлбарлахдаа алдаагүй, ойлгомжтой бичих ёстой юм. Хэл зүйн хэсэгт бидний бэлдэх гол арга нь маш их шинэ үг цээжлэх явдал байв. SAT-д тааралддаг үгнүүдийн жагсаалттай сайн ном олж аваад өдөр бүр жишээ нь 20 орчим шинэ үг сурч болох юм. Бат өдөр бүр 20 жижигхэн шинэ цаасан кард хийж нэг талд нь шинэ үгээ, нөгөө талд нь утгыг нь англиар бичиж аваад байнга биедээ авч явдаг байсан. Хэдхэн минутын зав гарах болгондоо халаснаасаа гаргаж ирээд үзээд байх жишээтэй. Энэ маягаар 2 сарын дотор мянгаад шинэ үг сурч болно. Мэдээж үг зээцлэхийн хажуугаар бас номноос дасгал их хийж байсан.

************************************************

ТОEFL, SAT мэтийн маш олон асуулттай, давчуу цагийн хязгаартай шалгалтанд бэлдэх нэг гол арга бол бүрэн хэмжээний туршилтын шалгалт ойр ойрхон авч байх явдал юм. Чимээгүй орчинд суугаад, цаг хараад, бүрэн хэмжээний тeст бөглөөд, хариутай нь харьцуулж үзээд өөрийгөө дүгнэж тухайн үеийнхээ түвшинг мэдэж авч болох юм. Жинхэнэ шалгалттай нь ойролцоо түвшинд бичсэн бүрэн хэмжээний шалгалтны материал олох тийм ч амаргүй. Barron, Kaplan, Princeton Review гэх мэтийн янз бүрийн хэвлэлийн компаниуд сурах бичгүүд гаргадаг ба зарим номуудын тeст нь муу бичигдсэн, алдаатай, буруу хариутай байх тохиолдол элбэг байдаг. Бат ямар номууд хэрэглэсэн, аль нь илүү сайн чанартай байсныг би санахгүй байна. Жил болгон шинэ номууд гарч байдаг, хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг уншиж байгаад авсан нь дээр байх. Энэ сурах бичгүүд үнэтэй биш, дундажаар $20-30 байна. TOEFL шалгалтыг ETS (Educational Testing Service), SAT шалгалтыг College Board гэдэг байгууллагуд зохион явуулж, шалгалтны материалыг нь бoлoвcpyyлдaг билээ. Эдгээр байгууллагууд өөрсдөө мөн сурах бичиг гаргадаг бөгөөд энэ номууд цөөн хэдэн бүрэн хэмжээний тесттэй, ихэнх нь урьд нь албан ёсны шалгалтанд хэрэглэж байсан материал байдаг.

Энэ шалгалтуудыг өнөө үед компьютер дээр авдаг болсон ба энэ нь цаасан дээрх хувилбараасаа жаахан ялгаатай. Цаасан дээр тестний бүх асуултууд амархан ч бай, хүнд ч бай ижилхэн оноогоор дүгнэгддэг бол компьютер дээр өөр өөр үнэлгээтэй юм. Мөн компьютерын дэлгэц дээр асуултыг нэг нэгээр нь харуулдаг ба урьд нь хариулаагүй орхисон асуулт руугаа эргэн очиж хариулах боломжгүй юм. Компьютер дээрх тестний хамгийн гол онцлог нь тухайн асуултанд зөв буруу хариулахаас шалтгаалан дараагийн асуултыг сонгож тавьдаг. Хэрэв асуултанд зөв хариулбал дараагийнх нь арай илүү хэцүү асуулт байна, буруу хариулбал арай илүү амархан асуулт ирэх жишээтэй. Ийм нарийн тохиргооны аргаар оюутны мэдлэгийн түвшинг тогтоодог юм. Эхний хэдэн асуултууд маш их жинтэй байдаг, эдгээрт цаг их зарцуулж их няхуур хариулах хэрэгтэй. Жишээ нь эхний 10 асуултны нэгд нь буруу хариулбал нийт онооны 5% хасагддаг байлаа гэж үзвэл сүүлийн хэдэн асуултны нэгд буруу хариулбал 0.5% хасагдах жишээтэй. Ихэнх бэлтгэлийн номууд дагалдах CD-тэй ирдэг ба энэ нь 1 бүтэн тесттэй эсвэл жишээ хэдэн асуулттай байдаг.

************************************************

Батыг SAT-д бэлдэж байх хооронд бид интернет хэдэн өдөр ухаж тохиромжтой сургууль хайсан юм. Сургуулийн хэмжээ, нэр алдрыг харалгүй хамгийн гол нь бакалаврын зэрэг олгох албан ёсны эрхтэй (Accredited), мөн гадаадын оюутнуудад тэтгэмж олгодог гэсэн сургуулиудад анхаарсан юм. Мэдээж аливаа хүн хамгийн сайн чанартай сургуульд орох хүсэлтэй байлгүй яахав, гэвч өөрийн халааснаас жил болгон $30,000 төлж Harvard эсвэл Stanford-д сурах боломжгүй бол тийшээ зүтгээд ч хэрэггүй биздээ? Сургалтын зээл авч сурч болох боловч 4 жил ядуу оюутан явж байгаад төгсөж арай хийж гайгүй мөнгө хийж эхлэх үедээ $120,000-ийн өртэй байх таатай зүйл бишээ, хэзээ тэр их өрийг төлж дуусгах билээ, мөн сургуульд байхдаа өрнийхээ тухай бодоод сэтгэлд шаналгаатай байх боловуу. Хүн болгон өөрийн сонголтоо хийх хэрэгтэй ба Бат бид хоёрын хувьд үнэгүйгээр сурч болох, элсэлтийн шаардлагыг нь хангаж чадах, дээр нь бас болж өгвөл сайн чанартай сургууль хайхаар шийдсэн юм. Бид элсэлтийн материалаа явуулахaap 10 гаруй сургууль сонгосон.

Америкийн бүх сургуулиудын жагсаалтыг нэг дор харж, тэдгээрийг төрөл бүрийн шалгуураар харьцуулж болох газар бол US News сэтгүүлийн America's Best Colleges булан юм. Энэ нь oнлайн бөгөөд бүрэн мэдээллийг харахын тулд бүртгүүлж хураамж төлөх хэрэгтэй юм. Та үнэхээр сургуульд орохоор шийдсэн бол бүртгүүлэхийг би зөвлөе, үнэхээр их хэрэгтэй мэдээлэлтэй юм. Олон шалгуур дээр үндэслэн сургуулиудыг байр эзлүүлэн жагсаасан байдаг ба сургууль тус бүрийн тухай нарийн мэдээлэл өгсөн байдаг. Yүнд сургалтын төлбөр, элсэлт авах хугацаа, элсэлтийн шаардлагууд, оюутны тоо, эзэмшүүлэх мэргэжил, тэтгэмж олгох боломж гэх мэт мэдээлийг үзэж болно. Мэдээж энэ бүх мэдээлэл сургууль тус бүрийн вебсайт дээр байдаг боловч аль сургуулийг гэж мэдэж вебсайт руу нь орох билээ? Eр нь голдуу улсын сургуулиуд өгөөмөр тэтгэмж олгодог тул энэ 2 жагсаалтыг сонирхож үзээрэй: 1)Comprehensive Colleges Top Public Schools, 2) Liberal Arts Colleges -> Top Public Schools. Энэ жагсаалтууд хичнээн коллеж гэж байгаа боловч дотор нь university-үүд бас хамт жагсагдсан байгаа. University-ийн бакалаврын сургалтыг нь дүгнэж жагсаасан гэсэн үг.

America's Best Colleges булан нь зөвхөн 4 жилийн бакалаврын сургалтанд хамааралтай, магистр эсвэл докторын программ сонирхож байгаа бол America's Best Graduate Schools буланг сонирхойрой. Энд тодруулахад магистр болон докторын зэргийн программыг нийтэд нь graduate school, бакалаврын зэргийн программыг undergraduate school гэж бас нэрлэдэг ба эдгээрийг тусад нь дүгнэж жагсаасан байна. Аливаа сургуулийн graduate сургалт нь сайн боловч undergraduate сургалт нь муу байх тохиолдол бий. Жишээ нь зарим том сургуулийн багш нар хамаг анхаарлаа магистр, докторын оюутнууддаа тавиад, бакалаврын оюутнуудад дээд ангийн оюутнууд хичээл заах жишээтэй. Мөн тухайн сургууль аль нэг тэнхимээрээ илүү нэрд гарсан байх тохиолдол бий. Жишээ нь Harvard University нь Тоp Business Schools жагсаалтанд яaх аргагүй нэгд ордог боловч Тоp Engineering Schools жагсаалтанд 21-д орж байх жишээтэй. Мөн миний сурч буй University of Illinois сургуулийг хүмүүс тэр болгoн мэддэггүй байдаг боловч Тоp Engineering Schools жагсаалтанд улсдаа тавд ордог юм. Би энд юу гэх гээд байгаа юм бэ гэвэл эцэг эхчүүд инжинер болох гээд байгаа хүүхдийг заавал Harvard-д оруулах гээд зүтгэсний хэрэггүй, ажилд орох үед инжинерээр Purdue University төгссөн хүн Harvard төгссөн хүнээс илүү үнэлэгдэнэ гэсэн үг.

Эцэг эхчүүдэд хэлэхэд хэрэв хүүхдийнхээ коллежийн зардлыг өөрсдөө төлөх чадвартай бол University of Pennsylvania, University of Maryland, University of California гэх мэтийн маш сайн чанартай, алдар нэртэй, улсын сургуулиудыг зөвлөх байна. Эдгээрийн жилийн сургалтын зардал нь дундажаар дотоодын оюутнуудад $8,000, гадны оюутнуудад $20,000 юм. Америкийн иргэн болсон эсвэл ногоон кардтай монгол хүүхдүүд дотоодын оюутнуудтай адил зардал төлнө гэсэн үг. Эдгээр сургуулиуд маш дээгүүр зиндааний тул орж чадах л юм бол мөнгийг нь төлөөд сурах хүмүүс зөндөө байдаг тул тэтгэмж бараг олгодоггүй юм. Нөгөө талаас тэтгэмжээр сайн оюутнууд татаж сургуулийнхаа нэр төр, чанарыг дээшлүүлах гэсэн жижиг, улсын сургуулиуд тэтгэмж сайн өгдөг. Эдгээр сургуулиуд гэрээс чинь хол, хөдөөдүү газар байрласан байж мэднэ, мөн ихэнх хүмүүс нэрийг нь огт сонсоогүй байж мэднэ. Гэвч оюутан өөрөө хичээгээд сурвал олох ёстой мэдлэгээ олж авч чадна, мөн цааш магистр, доктороор сурах санаархалтай бол хичнээн жижиг, сонсогдоогүй коллеж төгссөн байлаа ч маш сайн нэртэй дээд шатны сургуульд орох боломжтой. Ажилд ороход магистр авчихсан хүнээс мастерээ аль сургуулиас авсан бэ гэж асууна уу гэхээс бакалавраа хаана хийсэн нь хамаагүй болчихно. Харин зөвхөн бакалавраа төгсөөд ажилд орох гэж байгаа бол ямар коллежид сурч байсан нь нөлөөтэй.

************************************************

Бат бэлтгэл хийж байгаад жинхэнэ SAT шалгалтыг 12-р сард өгч нийт боломжит 1600 онооноос 1210 оноо авсан юм. Надад үүнийг сайжруулах боломжтой мэт санагдcaн тyл дахин нэг сар бэлдүүлж байгаад өгүүлсэн боловч харамсалтай нь оноо нь буурсан байсан. Учрыг нь сайн мэдэхгүй юм, тэр өдрийн зypxaй мyy байсан байx :-), уг нь гэртээ илүү өндөр оноо авч байсан юм. Гэхдээ аль өндөр оноогоо сонгоод сургуулиудад явуулж болдог юм. Бидний сонгосон сургуулиудийн элсэлтийн мэдүүлэг өгч дуусах хугацаа нь 2, 3-р сард байсан тул бид оройтойгүй байсан. Ингээд бүх материалаа явуулчихаад хүлээж суутал 4-р сарын үед хариунууд ирж эхэлсэн. Бат 3-4 сургуулиудаас тэтгэмж авах эрх олсон, тэдний дотор миний бакалавраа хийсэн Concord University байсан. Гэхдээ эдгээр нь сургалтын төлбөрийг бүрэн хөнгөлөх тэтгэмж биш, хагас байсан юм. Харин бид Ramapo College-ээс хариу аваад маш их баярласан. Энэ сургууль нь Comprehensive Colleges жагсаалтанд хойд мужуудын улсын сургуулиудийн дотор нэгд ордог (Best Northern Public School) бөгөөд Батад бүрэн тэтгэмж буюy сургалтын төлбөрийг нь 100% хөнгөлж өгье гэсэн юм. Батын хэлж байгаагаар тэдний сургууль жил бүр элсэн орж буй хэд хэдэн гадаадын оюутнуудад бүрэн тэтгэмж олгодог гэсэн. Энэ тэтгэмж нь 4 жилийн хугацаатай бөгөөд болзол нь гэвэл тухайн оюутан дүнгээ (GPA) байнга 3.3 буюy түүнээс дээш байлгах ёстой юм. Бат 2002 оны намар америкийн коллeжд сурч эхэлсэн билээ.

Би 2006 оны 5-р сард дүүгийнхээ төгсөлтийн ёслолд очсон билээ.

Жич. Түрүүчийн нийтлэл гарсны дараа маш олон уншигчид сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэдгээрийг уншаад би дараах анхааруулгыг өгөх нь зүйтэй боловуу гэж бодлоо. Сургуульд сурах хэрэгтэй эсэх, аль түвшин хүртэл сурах гэдгээ аливаа хүн өөрөө шийдэх хэрэгтэй. Хүн болгон их сургуульд сурах хэрэгтэй гэсэн хууль байхгүй. Эртнээс тодорхой төрлийн бизнес эрхлэхээр шийдчихсэн, түүндээ амжилт гаргаж чадна гэдгээ мэдсэн хүн бол сургуульд явах хэрэггүй байж болох тaлтaй. Зөвхөн их сургууль төгссөн хүмүүс ухаантай байдаггүй, мөн сургууль нь хүнд тодорхой төрлийн эрдэм мэдлэг олгоно уу гэхээс биш ухаан суулгахгүй. Би энэ нийтлэлийг бичихдээ өөрийн амжилт бүтээлийг товойлгох гэж биш харин сургуульд орохоор шийдчихсэн хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгөх гэсэн юм. өөрийн түүхийг оруулж бичвэл миний өгч байгаа мэдээлэл хүмүүст илүү үнэмшилтэй ойр тусах боловуу гэж бодсон юм. Америкийн их сургуулиудийн талаарх мэдээлэл маш элбэг байдаг боловч монголчуудын нөхцөлд тохируулсан, монгол хэлээр гарсан мэдээлэл хомс юм. Энэ нийтлэл дотор та цэнхэрээр бичсэн үгэн дээр дарж холбогдох вебсайт руу орж илүү мэдээлэл үзэж болно.